Хоолны дэглэм-эхний триместр

Биеийн галбиртаа анхаарал тавьдаггүй эмэгтэй хүн гэж бараг байхгүй биз ээ. Илүүдэл жингээ хаях гэж ямар нэгэн хоолны дэглэм барьдаг нэг хэсэг байхад  залуу насныхаа гоо үзэсгэлэнг хэвээр нь хадгалах гэж зохистой хооллодог хүмүүс ч байдаг, бүр тавган дээрээ юу байгааг ч чухалчилж үзэхгүй хооллодог хэсэг хүмүүс байдаг.
Гэхдээ жирэмсэн үедээ та өөртөө болон хэвлий дэх хүүхэддээ маш сайн анхаарах ёстой.
 Учир нь жирэмсний эхний триместрт эрчимтэй хөгжиж буй урагт зохистой хэмжээгээр витамин, эрдэс бодис зайлшгүй хэрэгтэй байдаг.


1. Жирэмсэн үеийн хооллолт

Жирэмсний эхний 1 сар бараг л анзаарагдахгүй өнгөрөх тал бий.  Сарын тэмдэг нь хугацаандаа ирээгүйн улмаас тест авч үзээд жирэмсэн гэдгээ мэддэг эсвэл жирэмсний 3,4 сар хүртлээ жирэмсэн гэдгээ мэдээгүй явсан эмэгтэйчүүд их байдаг. Харамсалтай нь энэ хугацаанд хэвлийд бойжиж буй ураг хангалттай эрдэс бодис, ялангуяа B төрлийн витамин авч чадаагүй байх нөхцөл үүсдэг. Мөн хамгийн чухал нь фолийн хүчил (дэлгэрэнгүйг дээр нь дарж уншаарай) юм. Фолийн хүчил нь ургийн мэдрэлийн гуурсны гажгууд, түүнтэй холбоотой эдгэрэшгүй өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Эдгээр ургийн гажиг нь эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс ч өмнө хөгжлийн маш эхний шатандаа үүсдэг учраас үр тогтохоос дор хаяж 4-7 долоо хоногийн өмнөөс фолийн хүчлийг ууж эхлэх хэрэгтэй.
Жирэмсний эхэн үеэс эхлэн зөв зохистой, тэнцвэртэй хоолны дэглэмтэй байх нь хүүхдэд эерэг нөлөөлж эхийн биеийн жин нормал байхаас гадна төрсний дараах эхний саруудад илүүдэл жингээ хурдан хаяхад тустай.

2. Эхний триместрийн хоолны дэглэм

Хамгийн эхний чухал зүйл бол жирэмсэн үед юу идэхээ мэддэг байх явдал юм. Жирэмсний эхний сарын хоолны дэглэм ерөнхийдөө 3 болон 7 дах сарын хоолны дэглэмтэй ижил байдаг. Ямар хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү сонгох, тэдгээрийг хэрхэн бэлтгэх, юу ууж болох, юунаас татгалзвал зохилтой гэдгээ мэдэж авах нь чухал. Эхний сараас эхлэн шууд л кофе, согтууруулах ундаа, энергийн ундаа бусад хорт зуршлаа хаях хэрэгтэй.
Жирэмсний эхний 3 сар дотор муухайрах, бөөлжих (дэлгэрэнгүйг дээр нь дарж уншаарай), байнга ядрах, нойрмоглох зэргээс болоод хоолны дэглэмийн тогтсон хэмнэл алдагдаж идэх дуршилгүй болох талтай. Үүнээс болоод зарим эмэгтэйчүүд жин нэмэх биш харин ч жин алддаг, гэхдээ энэ нь турахаас ялгаатай ойлголт юм. Бие махбодийн витамин, эрдэс бодисын хэрэгцээ цаашдаа сар бүр нэмэгдэнэ. Дунджаар жирэмсний эхний 3 сарын дараа эмэгтэйчүүдийн биеийн жин 1,5-2,5кг нэмэгддэг.



3. Юу идэх вэ?

Жирэмсний эхэн үед 5 төрлийн бүтээгдэхүүн болох үр тариа, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, мах, загасаар хийсэн олон төрлийн эрүүл шинэхэн хоол идэх хэрэгтэй. Гэхдээ өөрийн хүсэхгүй байгаа зүйлээ хүчилж идэх гэсний хэрэггүй. Учир нь жирэмслэлт гэдэг бол хоолны дэглэмийн аймшигт дурсамжийг бий болгох бус амьдралын жаргалтай үе юм.
Өдөрт хангалттай их 6-8 аяга шингэн зүйл буюу газгүй, дунд зэргийн эрдэсжүүлсэн ус, жимсний шүүс болон сүү уух хэрэгтэй. Харин түр зуурын таашаалын эх үүсвэр болох чихэрлэг амттаны хэрэглээг хязгаарлаарай. Эмч зөвлөөгүй бол хоолны давсны хэрэглээг багасгах шаардлагагүй.
Хамгийн чухал нь : тэжээллэг уураг, ханаагүй тосны хүчил, B витаминууд (ургийн мэдрэлийн эсүүд бий болоход тустай) болон иод.
Иодийн хэрэгцээ жирэмсэн үед энгийн үеэс 2 дахин нэмэгдэх бөгөөд сүү, иоджуулсан давснаас хангалттай авах боломжтой. Өдөр тутмын цэсээ ногоон навчит ногоо, тослог далайн загасаар баяжуулаарай. Учир нь ногоо навчит ногоо нь фолийн хүчлээр баялаг ба загас нь хүүхдийн шүд, ясанд маш сайн D витаминаар баялаг байдаг. Нэмээд түүхий болон хөнгөн жигнэж болгосон ногоо жимсийг байнга хэрэглэж болно.
Жирэмсэн үед өлсөх мэдрэмж байн байн төрдөг учраас зөвхөн бие махбодидоо хэрэгцээтэй зүйлийг л хоол хоорондын зууш болгож хэрэглэж байгаарай. Жишээ нь түүхий лууван, алим лийр, тараг гэх мэт...
Хооллолтын талаар илүү нарийн мэдээллүүдийг тусад нь постоор оруулах болноо.

Comments