Жирэмсэн үед дотор муухайрах, бөөлжих, урьдчилан сэргийлэх аргууд


Жирэмсэн эмэгтэйн бие махбодь дах гормоны түвшин болон цусан дахь химийн найрлага өөрчлөгдсөнөөр жирэмсний эхэн үед дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд түгээмэл тохиолддог. Энэ нь эхсээс ялгардаг HCG (human chorionic gonadotropin ) даавартай холбоотой юм.

1. Яагаад дотор муухай оргидог вэ?

Дотор муухайрах, хоолны дуршил, мэдрэмж өөрчлөгдөх шинж тэмдгүүд нь ойролцоогоор жирэмсэн эмэгтэйчүүдийн 60% -д илэрдэг бөгөөд эхний триместрийн сүүлээр арилдаг. Өндгөн эсээс ялгарах гормоны өндөр агууламжид жирэмсэн эхийн бие махбоди дасан зохицох хариу үйлдэл үзүүлснээр эдгээр шинжүүд илэрдэг байна. Мөн өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээл, ядаргаа, сэтгэл хөдлөл зэрэг нь эдгээр зовиуруудыг улам бүр нэмэгдүүлэх талтай.
Дотор муухайрахад цээж хорсох, шүлс ихээр ялгарах, толгой өвдөх зэрэг шинжүүд хавсарч болно. Мөн дотор муухайрах нь хортой хоол хүнс хэрэглэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалтын механизм гэж үздэг. Гэхдээ зарим тохиолдолд бамбай булчирхайн асуудал, хоол хүнсний халдвар, серотонин (тайван, сэтгэл хангалуун үед ялгардаг даавар) даавартай холбоотой эмгэг зэргээс болж дотор муухайрч байж болзошгүй.

2. Бөөлжих

Цөөн тооны жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд их давтамжтай, тасралтгүй бөөлжсөнөөр шингэн их алдаж биеийн байдал, бодисын солилцоо алдагддаг. Хэрвээ энэ шинж тэмдэг улам эрчимжиж, зовиуртай байвал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй.
Бусад тохиолдолд бөөлжилтийг зөв хооллолт, амралт, ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, бөөлжилтийн эсрэг эм зэргээр эмчилж болдог. Гэхдээ жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар эм бэлдмэл хэрэглэхээ мартуузай.

3. Дотор муухайрах, бөөлжихөөс урьдчилан сэргийлэх аргууд

  • Сэрсэн даруйдаа шууд 2 хөл дээрээ битгий босоорой. Нөхрөөсөө зүсэм талх, банана эсвэл жигнэмэг авчирч өгөхийг хүсч болно. Хагас хэвтээ байдалд идээд, хэдэн минутын дараа босоорой. Өдрийн туршид дотор муухайрч эхэлвэл шууд ямар нэгэн зүйл идвэл тус болно.
  • Бага багаар ойр ойрхон ид. Өлсгөлөн байх нь дотор муухайруулахаас гадна цусан дахь сахарын түвшинг бууруулдаг. Хоосон ходоод, ходоодны хүчил ихэссэнээс болж дотор муухайрдаг учраас ямар ч тохиолдолд хөнгөн зууш дэргэдээ байлгаж, авч явж байгаарай.
  • Газгүй ус их уугаарай. Хоол идсэнээс 30 минутын дараа уувал хамгийн сайн.
  • Шинэхэн зүсэм цагаан гаа идээрэй. Цай болон усандаа нэмж ууж болно.
  • Өлсгөлөн унтах хэрэггүй. Унтахаасаа өмнө аяга сүү, какао, ургамлын гаралтай цай, шаржигнуур хүнс бага зэрэг идвэл тустай.
  • B6 витамин агуулсан хүнс буюу үр тарианы сериал, банана, улаан буудайн түрүү, туна загас идэж болно, гэхдээ шахмал хэлбэрийн B6 биш шүү.
  • Өдрийн турш амрах. Жирэмсэн үед тайван байх нь маш чухал. Ядрах нь улам л дотор муухайруулдаг.
  • Дулаан хувцасла. Бие хөрөх, температурын огцом өөрчлөлт нь бөөлжих шинж тэмдгийг ихэсгэдэг.
  • Байраа агааржуул. Халуун агаарт хүчил төрөгч бага байдаг бөгөөд амьсгал давчдах нь дотор муухайруулж эхэлдэг.
4. Эмчид ямар тохиолдолд хандах вэ?

Хэрвээ дотор муухайрч, бөөлжих зэргээс болж юу ч идэж чадахгүй жин огцом алдах, өдрийн туршид хэт их давтамжтай бөөлжиж, цээж хорсон, ходоод хүчтэй хямарч байвал эмчид хандах хэрэгтэй. Эмч ходоодны хүчил бууруулах эм бичиж өгөх болно.






Comments